Монгол Улсын Их Хурлын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шэнь Минь Жуань тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Төрийн тэргүүдийн харилцан тохиролцсоны дагуу хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, хорин тэрбум ам.долларт хүргэх зорилтыг зөвхөн уул уурхайн экспортод түшиглэх бус хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, худалдааны тэнцвэрийг хадгалахад чухал ач холбогдолтой байгааг талууд онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Үндэсний хэмжээний хөдөлгөөн, хөтөлбөртэй уялдуулан салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, мал амьтан, ургамал хорио цээрийн протокол, хэлэлцээр, шаардлага, нөхцлийг шинэчлэн болон шинээр байгуулахад хоёр тал идэвхи санаачлага гарган ажиллахаар болов.
Талууд 2025 оныг хүнс, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны хөгжлийн шинэ хуудсыг нээх боломжийг бүрдүүлэх, хоёр улсын салбарын сайд нарын харилцан айлчлалыг зохион байгуулах, хоёр талаас гаргасан саналуудыг ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллахаар харилцан тохиролцлоо.
БНХАУ-ын шинэ инновац, техник тоног төхөөрөмжийг газар тариалангийн салбарт нэвтрүүлж, мах, сүүний салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой байгааг Элчин сайд онцоллоо.