Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл, Япон Улсын Хууль зүйн яамны Судалгаа, сургалтын хүрээлэнгийн (RTI) Олон улсын хамтын ажиллагааны газрын (ICD) дарга Шинтаро Найто тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл Монгол Япон хоёр орон хууль зүйн салбарт олон жил үр бүтээлтэй, найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлж ирснийг онцлон дурдлаа.
Мөн криминологийн чиглэлээр хоёр байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлж, залуу эрдэмтэн судлаачдыг мэргэшүүлэн бэлтгэх, гэмт хэргийн “Цагаан ном” боловсруулах арга зүйн туршлага судлах зэрэг асуудлаар хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.
Ноён Шинтаро Найто “Дээрх чиглэлээр хоёр улсын сайн туршлагыг харилцан солилцож хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хамтран ажиллахад таатай байх болно” гэлээ.