Улсын Их хурлын гишүүн, Боловсролын сайд асан П.Наранбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Танаас Боловсролын сайдын албан тушаалыг хүлээж авсан Л.Энх-Амгалан хэдхэн хоногийн дараа таныг дөрвөн ч томоохон хууль зөрчсөн байна гэж мэдэгдсэн шүү дээ. Ямар, ямар хууль ярьж байгаа юм. Таны хувьд хууль зөрчсөн асуудал байгаа юу?
-Хариуцлагатай хэлэхэд, би ямар нэгэн хууль зөрчөөгүй. Хоёрдугаарт, Засгийн газраас өгсөн тогтоолынх нь дагуу үйл ажиллагааг зохион байгуулсан. Багш нарын цалингийн асуудлыг ярьж байна лээ. Төсөв дагуулж Засгийн газрын тогтоол гарсан. Тиймээс энэ тогтоолыг хэрэгжүүлэх, төсөвтөө багтааж цалингийн нэмэлтийг хуваарилах үүрэгтэй байсан. Энэ салбарт 93 мянган хүн багшилж, ажиллаж байна. Үүнээс 35 мянга нь багш бус ажил хийдэг. Эдгээр хүмүүсийг цалингийн нэмэлтэд хамруулахгүй гэсэн УИХ-ын тогтоол гаргах гэж байсныг бид ярилцаж байгаад батлуулаагүй. Яагаад гэвэл энэ салбарт ажиллаж байгаа нийт хүмүүсийн цалинг л нэмэхгүй бол болохгүй. Энэ утгаараа 618 тэрбум төгрөгийг УИХ баталж өгсөн. Үүн дээр нэмэх нь 900 сая төгрөг байх ёстой. Энэ нь судалгааны ажилтнуудад зориулагдсан юм. Ингээд 618 тэрбум төгрөгөө хуваарилаад нийт ажилтнуудын үндсэн цалинг 50 хувиар өсгөсөн. Мөн энэ оны 11, 12 дугаар сард цалинг дахин 26 хувиар нэмэх ёстой. Энэ нэмэгдэл төсөвт тодотгол хийхгүй бол яагаад ч боломжгүй. Бид анх 960 орчим тэрбум төгрөгийн тооцоолол гаргаж өгч байсан. Гэвч тухайн үед болоогүй. Тиймээс одоо төсвийн тодотгол яригдах байх. Тэр үед нь би дэмжээд явна. Дэмжих ч ёстой. Цалин гэдэг хүндээ шууд очиж байгаа орлого. Үндсэн суурь цалин шууд амьдралын баталгаа болдог. Өнөөдөр нийслэлд ажилд орсон хүн эхний таван жилдээ ямар ч нэмэгдэл байхгүй. Тийм хүмүүс 1.484.000 төгрөгийн цалинтай байсныг 2.226.000 болгосон. Тэгэхээр цалингийн нэмэгдлийн үр ашгийг энэ салбарын залуу, ямар нэгэн нэмэгдэл авдаггүй хүмүүс илүү хүртсэн гэж ойлгож болно.
-Үндсэн цалинг нэмсэн ч анги даалт, зэргийн нэмэгдэл зэргийг нь хасчихсан. Тийм болохоор ямар ч чанарын ялгаа гараагүй гээд багш нар яриад байна шүү дээ?
-Ямар ч хассан юм байхгүй. Үүнийг улстөржүүлж яриад байгаа юм. Юу ч хасагдаагүй гэдгийг хариуцлагатай хэлье. Өнөөдөр үндсэн цалинг 50 хувиар нэмсэн. Өмнө нь яг ийм хэмжээний мөнгө нэмэгдэл байсан байхгүй юу. Маш бага үндсэн цалинтай, өгөх өгөхгүй нь мэдэгдэхгүй нэмэгдлүүдтэй байсан. Бид хуульд заасны дагуу нэмэгдэл болон нэмэгдэл хөлсийг ялгаж авч үзсэн. Нэмэгдэл хөлс бол Хөдөлмөрийн хуульд заачихсан зүйл байдаг. Энэ бол үндсэн цалингаасаа тооцогдоод явж байгаа. Нөгөө талдаа 2025 оны суурь түвшнээр нэмэгдлүүдийг мөнгөн дүнгээр бодоод олгож эхэлж байгаа. Тэгэхээр хасагдсан гэж хэлэх ямар ч аргагүй. Олон жил ажилласан хүмүүсийн хувьд өөрсдийнх нь тооцоолол, шинэ цалингаас бодож олгоно гэж бодсоноос нь өөрөөр гарсан. Гэхдээ энэ бас их учиртай. Бид 11, 12 дугаар сард дахин үндсэн цалинг өсгөнө. Ойрын хугацаанд үндсэн цалинг 3.5 сая буюу 1000 ам.доллар руу дөхүүлэх бодлого барьж байгаа. Ингэж нэмэхгүй бол суурь цалин амьдралын баталгаа болж чадахгүй, залуу багш нар энэ салбарт орж ирэхгүй болчихоод байгаа юм.
-ЭШ-ын материалыг хаанаас яаж бэлддэг юм. Энэ жилийн ЭШ-д орсон Ц.Доржготов гуайн өгүүллэгийг эротик, үүнийг оруулсан хүмүүст хариуцлага тооцно гээд салбарын сайд нь хэлсэн байна лээ?
-Энэ чинь өөрөө хуультай. Боловсролын үнэлгээний төв (БҮТ) бие даан зохион байгуулдаг.
-Энэ жилийн ЭШ-ын материалыг таны үед боловсруулаагүй гэсэн үг үү?
-Боловсруулж эхэлсэн. Энэ чинь бие даасан үйл ажиллагаа. Яам төсвийг нь өгнө. Харин БҮТ нууцлалыг өөрсдөө хадгалах учиртай. Шалгалтын агуулга өнөөдрийг хүртэл урьдчилж задарч байгаагүй. Цагдаа нар орж ирж хянана. Боловсруулж байгаа хүмүүсийнх нь гар утсыг хурааж авдаг юм шүү дээ. Харин шалгалтын хамрах хүрээ буюу ямар, ямар чадварыг шалгасан даалгаврууд ирэх вэ гэдгийг зааж өгдөг. Тэр нь ч ил тод байдаг. Энэ хүрээндээ л ирсэн гэж би ойлгосон. Ц.Доржготов гуайн өгүүллэгийн агуулга тал руу нь ороод эротик гэснийг би хараад гайхсан. Энэ чинь утга зохиол шүү дээ. Харин үнэхээр хүүхдэд таарсан эсэхийг мэргэжлийн хүмүүс л шүүж ярина уу гэхээс улстөрчид бид ийм, тийм гэж ярих нь зохимжгүй.
-Сургалтын хөтөлбөрийг шинэчлэх цаг хугацаа таны үед таарсан. Үүнийгээ бүрэн хийж амжсан уу?
-Боловсролын ерөнхий хуулиараа нэг бүтэн цикль буюу 12 жилд шинэчилнэ гэж заасан. Энэ үе нь яг таарсан. Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр бүрэн батлагдаад, одоо хэрэгжиж байгаа. Бага боловсролын хөтөлбөр, хичээлийн төлөвлөлт, сурах бичгийн жагсаалт нь батлагдсан. Одоо сурах бичгийг хийх ажил үлдсэн. Дунд боловсрол буюу 6-9 дүгээр анги, бүрэн дунд буюу 9-12 дугаар ангийн хөтөлбөр одоо эхэлж байгаа. Энэ бол тасралтгүй явдаг процесс.
-ХҮН намын зөвлөл Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг дэмжихгүй гэж шийдсэн байсан. Харин та хувь гишүүнийхээ хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ хуулийн төслийг маш нарийвчлан уншиж, Үндсэн хуультай харьцуулж харсан. УИХ-ын гишүүдээс хариуцлага, ёс зүйг нэхэх нь зүйтэй. Тиймээс санаачилга нь бол байж болно гэж харж байгаа. Гэвч хуулийн хүрээнд хоёр, гурван асуудал үүсчихээд байгаа юм. Нэгдүгээрт, энэ хуулийг санаачлах субьект нь Ерөнхийлөгч мөн үү гэдэг асуудал байна. Энэ бүхнийг хуулиар заагаад өгчихсөн байдаг юм. Ерөнхийлөгч нь УИХ-ын үйл ажиллагаа, дэгтэй холбоотой хуулийг санаачлахгүй гэсэн хуультай. Хоёрдугаарт, зарим зүйл заалт нь Үндсэн хуультай зөрчилдсөн байх магадлал өндөр байна гэж харж байгаа.
-Тухайлбал?
-УИХ-ын гишүүн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татна гээд Үндсэн хуульд заачихсан. Гэтэл баахан дэлгэрүүлээд жагсаалтын гишүүдийг намын эрх барих дээд байгууллагын шийдвэрээр эгүүлэн татах мэтээр оруулаад ирсэн. Тиймээс энэ мэт зөрчлүүдийг нь арилгах шаардлага байна гэж харж байгаа.
-Ерөнхийлөгч санаачлах эрхгүй юм бол гишүүд санаачилж болох юм уу. Хэрэв тэгвэл бас л хуулийн зөрчилд орчихгүй юу?
-Үгүй, УИХ-ын дэг, үйл ажиллагаатай хуулийн төслийг зөвхөн УИХ-ын гишүүн санаачилна гээд хуульд заачихсан байгаа юм.
-ЕТГ-ын дарга болохоор сүүлийн 30 жил парламентын гишүүд өөрсдийгөө хариуцлагажуулах, эгүүлэн татах хуулийн төслийг боловсруулаагүй гэсэн байсан. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Өмнөх парламентуудын үед эгүүлэн татагдсан, өөрийн хүсэлтээр гишүүнээсээ чөлөөлөгдсөн тохиолдлууд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чинь парламент өөрөө өөрийгөө хариуцлагажуулах механизм ажиллаад байна гэсэн үг. Гэхдээ үүнийг илүү дэлгэрүүлж, нарийвчилж зааж өгөх шаардлага байна уу гэвэл байна. Тийм болохоор хариуцлагажуулах гэдгийг би дэмжээд байгаа юм. Ил тод, хариуцлагатай, ирцдээ ордог, ёс зүйтэй байх ёстой шүү дээ.
-Маргааш энэ хуулийн санал хураалтыг хийнэ. Таны хувьд дэмжих үү, үгүй юу?
-Би зөвлөлийнхөө байр суурийг дагана.
-Та УИХ-ын даргатай чуулганы болоод байнгын хорооны хуралдааны ирцийг нэмэгдүүлэх асуудлаар уулзаад орж ирлээ гэж байсан. Чухам яаж нэмэгдүүлэх гарц байгаа юм бэ?
-УИХ-ын дарга шинээр сонгогдоод гишүүдээс УИХ-ын үйл ажиллагааг сайжруулах, нэр хүндийг дээшлүүлэх, хариуцлагыг нэмэгдүүлэх тал дээр ямар санал байгааг асууж байгаа. Тиймээс би сая/өчигдөр/ орж уулзлаа. Миний хэлсэн санал бол нэгдүгээрт, биечлэн санал өгдөг болъё гэж байгаа юм. Одоо бол ирцэндээ орчихоод санал хураалтад оролцоогүй бол шууд эсрэг санал болдог. Энэ нь санал хураалтын ирцийг бүрдүүлэхэд сөргөөр нөлөөлж байна. Мэдээж янз бүрийн шалтгаан байж болно. Үнэхээр эсрэг саналтай, эсвэл дэмжиж чадахгүй ч оролцож чадахгүй байдалд орсон байж болно шүү дээ. Гэвч биечлэн санал өгдөг болсноор дэмжсэн, дэмжээгүйгээ өөрөө сууж байгаад ил тодоор харуулна. Энэ нь ч гишүүдийн үүрэг, хариуцлага гэж харж байгаа. Хоёрдугаарт, саналыг хураахдаа УИХ-ын дарга урьдчилан зарладаг болмоор байгаа юм. Хэлэлцээд дуусчихсан асуудлуудынхаа санал хураалтыг баасан гарагийн 10:00 цагаас хийдэг байх хэрэгтэй. Ингээд санал хураалтаа дуусгаад хэлэлцэх асуудлууддаа орж болно. Энэ саналуудаа хэлсэн, УИХ-ын дарга их идэвхтэйгээр хүлээж авсан.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ
Эх сурвалж: Өдрийн сонин






















