Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг: Эдийн засагт оношоо зөв тавьсан учраас цаашид өсөлт тогтвортой явагдана

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгтэй ярилцлаа. 

-Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд Энэтхэгийн араас жагссан гэж мэдэгдсэн. Энэ жагсаалтыг хаанаас яаж гаргадаг юм бэ. Иргэд манай эдийн засаг дэлхийд тэргүүлэх хэмжээнд өссөн гэдэгт эргэлзэхийн зэрэгцээ шүүмжилж байна шүү дээ?

-Энэхүү үзүүлэлт нь эдийн засаг өмнөх жилээс хэр зэрэг сэргэж байгаа вэ гэдгийг илэрхийлдэг гэж хэлж болно. Өнгөрсөн гурван жил дэлхий даяар цар тахал, геополитикийн байдал, түүний сөрөг үр дагаврыг даван туулсан хүндхэн цаг үе байв. Манай улсын хувьд ч мөн адил эдийн засаг 2020 онд хасах 4.6 хувь хүртэл саарч, төсөв, төлбөрийн тэнцлийн хос алдагдалтай байсан. Үүний эсрэг Засгийн газраас сүүлийн гурван жилд иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийг сэргээх бодлогын цогц арга хэмжээг хэрэгжүүлсэн. Тухайлбал, боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, нүүрсний гарцыг нэмэгдүүлснээр цар тахлын өмнө буюу 2019 онд хамгийн ихдээ 36.6 сая тонн гарч байсан нүүрсний экспортыг өнгөрсөн онд 69.6 сая тоннд хүргэж түүхэн дээд амжилт тогтоолоо. Улмаар гадаад худалдааны тэнцэл сайжирч, төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан, мөн төсөв 762 тэрбум төгрөгийн ашигтай гарч,  эдийн засаг 2023 онд долоон хувийн өсөлтийг үзүүлсэн. Энэ нь Зүүн Өмнөд Азийн бүс нутаг болон дэлхийн хэмжээнд өндөр үзүүлэлт. Манай улс цар тахал, дайны дараа дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад илүү хурдтай сэргэж байгааг харуулж байна.

-Үнэхээр эдийн засаг өсөлттэй байгаа бол энэхүү өсөлт өрхийн хаалгаар хэзээ орох вэ. Орохдоо ямар байдлаар орж байна гэж үзэх вэ. Ер нь улс орны эдийн засгийн өсөлтийн үр ашгийг иргэд ямар байдлаар хүртэх ёстой юм бэ?

-Судалгаагаар эдийн засгийн өсөлт нь дөрвөн улирал буюу нэг жилийн дараагаас  айл өрх, хувь хүнд мэдрэгддэг гэсэн тооцоолол байдаг. Тэгэхээр энэ оны төгсгөлөөр илүү мэдрэгдэх болов уу гэж бодож байна. Эдийн засгийн өсөлт иргэдэд шууд болон шууд бусаар нөлөөлдөг. Шууд нөлөөлөл нь хөдөлмөрийн зах зээлээр дамжин компаниудын ашигт ажиллагаа сайжрах, ажил эрхлэлт нэмэгдэх зэрэг сувгаар илэрдэг. Төрийн албан хаагчдын цалин, өндөр настны тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмж байгаа нь эдийн засгийн өсөлт өрхийн үүдээр орж байгаагийн нэг илрэл.

-Төсвийн ил тод хариуцлагатай байдлыг иргэд юу, юунаас илүү шаарддаг. Энэхүү шаардлагыг төр, засгийн хувьд хэрхэн биелүүлж ажиллаж байна вэ. Энэ чиглэлд эрх зүйн томоохон өөрчлөлтүүд хийгдэх шаардлага бий юу?

-Сангийн яамны санаачилгаар 2018 оноос эхлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн төсөл, батлагдсан төсөв, төсвийн гүйцэтгэлийн тоон мэдээллийг энгийн үг хэллэгээр, инфографик хэлбэрээр боловсруулан жил бүр хэвлэмэл болон цахим хэлбэрээр түгээж байна.  Үүнээс  гадна өөрийн цахим системүүдээрээ дамжуулан төсөв санхүүгийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг оюутан залуус, судлаач, эрдэмтэд зориулан төсвийн тоон мэдээллийг задгай хэлбэрээр авах боломжийг бүрдүүлээд байна. Цахим шилжилтийг эрчимжүүлж, иргэдэд санхүү, төрийн үйлчилгээг ил тод, хялбар болгох үүднээс цахим системүүдийг ашиглалтад оруулан, олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлээд байна. Мөн Төсвийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Төсвийн төсөл боловсруулах явцад олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах тухай заалт нэмэгдсэн нь иргэдийн оролцоог хангах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чухал алхам болоод байна.

-Засгийн газраас саяхан гадаад томоохон өр, зээлийг тэглэсэн. Одоо гадаад өрийн хэмжээ ямар байгаа вэ?

Улсын нийт гадаад өр, Засгийн газрын өр зэрэг нэр томьёоны ялгааг юуны өмнө ойлгох хэрэгтэй. Учир нь хүмүүсийн дунд энэхүү нэрсийг хольж ойлгох, буруугаар тайлбарлах тохиолдол их байдаг. Өрийн удирдлагын тухай хуульд Улсын нийт гадаад өр гэдэг нь Засгийн газар, орон нутаг, Монголбанк болон манай улсын дотоодын байгууллагуудаас Монгол Улсад бүртгэлгүй буюу гаднын байгууллагуудад төлөх төлбөрийн үүргийг ойлгоно гэж тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл зөвхөн Засгийн газраас гадна Монголбанк, арилжааны банк, дотоодын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд болон бусад дотоодын хөрөнгө оруулалттай бүх аж ахуйн нэгж, компаниудын гадаад өр энэхүү Улсын нийт гадаад өрөнд ордог. Монголбанкны мэдээлснээр Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 2023 оны жилийн эцсийн байдлаар 34.6 тэрбум ам.доллартой тэнцэж байгаа. Үүнээс хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн өрийн хэмжээ 71.7 хувь буюу 24.8 тэрбум ам.доллартой тэнцэж байгаа бол Монголбанкны өр ойролцоогоор 5.4 хувь буюу 1.8 тэрбум ам.доллар, Засгийн газрын гадаад өрийн хэмжээ улсын нийт гадаад өрийн 22.9 хувь буюу 7.9 тэрбум ам.доллартой тэнцэж байна.

-Тэгвэл Засгийн газрын өр одоогоор ямар байгаа юм бэ?

-Сангийн яамнаас улирал бүр гаргадаг Засгийн газрын өрийн статистик мэдээллийн хувьд 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр Засгийн газрын өр 30.8 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 38.6 хувьтай тэнцэж байна. Энэ нь Монгол Улс олон улсын санхүүгийн зах зээлд анх Засгийн газрын арилжааны бонд болох Чингис бонд гаргасан 2012 оноос хойш хамгийн бага хэмжээндээ хүрсэн үзүүлэлт.

-Чингис бонд гэснээс энэ мэт олон бондуудыг бүрэн төлсөн гэдэг. Ер нь Засгийн газраас төсөвт дарамт учруулахгүйгээр өрийн асуудлыг яаж шийддэг юм бэ?

-Засгийн газрын хувьд гурван жил тутам УИХ-аар өрийн удирдлагын стратегийн баримт бичгийг батлуулж, үүнийгээ чанд сахиж, мөрддөг.  Энэхүү стратегийн баримт бичгийн хүрээнд хэрхэн өр үүсгэх, өр үүсгэснээр юуг санхүүжүүлэх вэ гэдгийг нарийн зааж өгдөг. Үүний хүрээнд 2021-2024 онд төлөгдөх нөхцөлтэй байсан нийт 2.9 тэрбум ам.долларын арилжааны нөхцөлтэй бондын өр төлбөрийг төсөв, эдийн засагт дарамтгүйгээр өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх, тодорхой хэсгийг төсвөөс төлж барагдуулах бодлогыг Засгийн газраас авч хэрэгжүүлсэн. Тухайлбал, 2021 онд хугацаа тулаад байсан “Чингис” бонд болон “Гэрэгэ” бондуудыг дахин санхүүжүүлэх зорилгоор нэг тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний “Сенчири” бондыг 3.5 хувь болон 4.45 хувийн хүүтэйгээр гаргасан байдаг. Түүнчлэн, 2023 онд 650 сая ам.долларын хэмжээтэй “Сенчири-2” бондыг, 350 сая ам.долларын хэмжээтэй “Сенчири-3” бондыг тус тус амжилттай гаргаж хугацаа тулаад байсан “Гэрэгэ” бонд болон “Хуралдай” бондын төлбөрт өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Түүнчлэн, Засгийн газрын хувьд өрийн зохицуулалтын арга хэмжээнээс гадна төсөв, гадаад валютын албан нөөцөд дарамт учруулахгүй хэмжээгээр гадаад бондыг жил бүр төлж барагдуулах бодлогыг барьж 2020 оноос хойш нийт 405 сая ам.доллартой тэнцэх төлбөрийг төсвийн мөнгөн хөрөнгөөс төлж барагдуулаад байна.

-Тэгвэл одоогоор хугацаа тулсан бондын өр бий юу?

-Засгийн газар болон Монгол Улсын Хөгжлийн банкны зүгээс хамтран өрийн оновчтой бодлогыг хэрэгжүүлж өөрийн эх үүсвэрээс хугацаа тулаад байсан “Евробонд” болон Засгийн газрын өрийн баталгаатай “Самурай” бондуудыг амжилттай төлж барагдуулснаар Засгийн газрын өрийн баталгааны үлдэгдэл буурах, Улсын нийт гадаад өр буурахад голлох нөлөөг үзүүлсэн. Одоо бидэнд 2026 он хүртэл хугацаа тулсан бондын өр байхгүй байгаа.

-Энэ сарын эхнээс төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэр нэмэгдлээ. Үүнийг сонгуульд зориулсан нэмэгдэл гэж шүүмжлэх хүн цөөнгүй. Яг бодит байдал дээр цалин, тэтгэвэрийн нэмэгдэл ямар эх үүсвэр, боломж гарч ирснээр нэмэгдсэн юм бэ?

-Эдийн засгийн өсөлтийг айл өрх рүү чиглүүлж иргэдийнхээ бодит орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээг өнгөрсөн оноос авч хэрэгжүүлсэн. Үүний үргэлжлэл болгож энэ сараас цалин, тэтгэвэр нэмэгдүүлж байгаа нь улс төрийн сонгуультай хамааралгүй. Цаашид Засгийн газраас жил бүр ахмадын тэтгэвэр болон төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Анх удаа түүхэндээ 2023 оны зургаадугаар сард Монгол Улс  төсвийн  давсан орлогоороо төсвийн тодотгол хийж ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгах, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэх бодлогын арга хэмжээг авч иргэдийнхээ бодит орлогыг нэмэгдүүлсэн.

-Орон нутагт ажиллаж байгаа албан хаагчдын цалин, урамшуулал ямар байхаар зохицуулагдсан бэ?

-Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын Хот, хөдөөгийн сэргэлт болон бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэн орон нутагт ард иргэдийнхээ амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр цогц арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Тус цогц арга хэмжээний нэг нь орон нутагт чадварлаг төрийн албан хаагчийг тогтвор, суурьшилтай ажиллуулах бодлого юм. Энэ бодлогын хүрээнд 2023 оноос орон нутагт ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдад “Орон нутгийн нэмэгдэл” олгож эхэлсэн.  Тус нэмэгдлийг нь үндсэн цалингийн 20-100 хувь хүртэл олгох боломжтой. 20 хувийг бүх төрийн захиргааны албан хаагчдад олгож байсан бол үлдсэн 80 хүртэлх хувийг тухайн төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнд үндэслэн аймгийн төсвийн боломжтой уялдуулан олгох боломжтой болсон. Энэ хүрээнд өнгөрсөн онд аймгууд 40-80 хувийн нэмэгдлийг төрийн албан хаагчдадаа өгсөн. Харин энэ жилээс төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид бүгд нэмэгдэл авдаг болж байгаа.  Аймгийн төвийн албан хаагчдад 20 хувь, сумын төрийн албан хаагчдад 40 хувийн нэмэгдлийг улсын төсвөөс шийдэж байгаа. Мэдээж үүн дээр нь нэмээд тухайн орон нутаг, аймаг өөрсдийн төсвийн боломжид тулгуурлаад 100 хувь хүртэл нэмэгдэл өгөх боломжтой байгаа.

-Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд нийслэлийн залуу гэр бүл орон нутагт очиж, ажиллъя, амьдръя гэвэл бодлогын түвшинд ямар дэмжлэг, ямар боломж хүртэх вэ?

-Орон нутагт шилжин суурьших иргэдийн орон сууц, байрны асуудлыг шийдэх хүрээнд Засгийн газраас 2023 оны “Хот хөдөөгийн сэргэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 68 дугаар тогтоолыг баталж Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан болон Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг Багануур, Багахангайд анх удаа орон сууц худалдан авах иргэдэд арилжааны банкнаас олгох ипотекийн гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг өнгөрсөн оны хоёрдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн олгож эхэлсэн байдаг. Энэхүү зээлийн гүйцэтгэлийн хувьд энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 1.525 зээлдэгчид 135 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгоод байна. Мөн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг гаргахад хүндрэлтэй иргэдэд тусламж үзүүлэхээр Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт оруулж орон нутагт орон сууц худалдан авч буй иргэдийн барьцаа хөрөнгийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах боломжтой болсон. Энэхүү зохицуулалтын хүрээнд Зээлийн батлан даалтын сангаас 327 зээлдэгчийн 5.7 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийн батлан даалтыг гаргаад байна. Үүнээс 193 зээлдэгчийн 3.5 тэрбум төгрөг нь гурван хувийн ипотекийн хөнгөлөлттэй зээлд батлан даалт гаргуулсан байна. Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар орон нутагт нэг зээлдэгчид олгодог ипотекийн зээлийн дээд хэмжээг 100 сая төгрөг байсныг нэмэгдүүлж Улаанбаатар хоттой адил түвшинд буюу 150 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн. Ингэснээр орон нутагт шилжих, оршин суух иргэдийн тав тухтай байдлыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

-Сонгуулийн дараах эдийн засгийн үзүүлэлт ямар байх бол?

-Энэ онд хэдийгээр зудын эрсдэлээс шалтгаалан хөдөө, аж ахуйн салбар бууралттай гарахаар тооцож байгаа ч уул уурхайн салбар, аж үйлдвэр, боловсруулах салбар, үйлчилгээний салбарын өсөлтийн нөлөөгөөр эдийн засаг өсөлттэй байхаар байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд өсөлтийг хязгаарлаж байсан үндсэн зургаан хүчин зүйлсийг Шинэ сэргэлтийн бодлогоор гарган ирж, Засгийн газар бодлого чиглэл, төсөв санхүүгээ үүнд чиглүүлсэн. Өнөөдөр бий болоод байгаа макро эдийн засгийн эерэг үр дүнгүүдийг харвал бид өсөлтийн оношоо зөв тавьсныг нотолж,  суурь хүчин зүйлүүдээ шийдэж эхэлсэн тул эдийн засаг цаашид тогтвортой өснө гэж үзэж байна.

-Хөдөө аж ахуйн салбарт эдийн засгийн өсөлт тааруу байна гэж хэллээ. Угтаа Монгол Улсын эдийн засгийг ирээдүйд авч явах гол салбар шүү дээ. Тэр утгаараа Монгол Улс Хөдөө аж ахуйн салбарыг яаж эдийн засгийн цөм болгох вэ. Бидэнд юу саад болоод байна вэ?

-Бидний цаашид хөгжих, эдийн засгаа төрөлжүүлэх чухал салбар нь хөдөө аж ахуйн салбар гэдэгтэй тантай санал нэг байна. Гэтэл өнөөдрийг хүртэл тус салбар хөгжихгүй байгаа суурь шалтгаан нь тус салбарын хүний нөөц, эргэлтийн хөрөнгө, бүтээмжийн асуудал, үүнийг шийдвэрлэх төрийн зохистой бодлого, хууль эрх зүйн орчин, удирдлага зохион байгуулалт сул явж ирсэнтэй холбоотой. Хүнс, хөдөө аж ахуйн сул хөгжлийн үр дагаврыг бид сүүлийн гурван жилд цар тахал, Орос-Украины дайн, хилийн боомт, тээвэр логистикийн саатлаар дамжуулан стратегийн ямар чухал ач холбогдолтой салбар вэ гэдгийг маш сайн ойлгож, цогц байдлаар шийдвэрлэхээр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхээр Засгийн газраас хүнс, мал аж ахуй, газар тариалангийн салбарт татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, нэмүү өртөг, боловсруулалтын түвшинг сайжруулснаар 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоос бүрэн хангаж, цаашид экспортлогч болох зорилт тавьсан.

-Үндэсний баялагийн сангийн тухай хуулийг УИХ хэлэлцэх гэж байна. Уг хуулийн ерөнхий зорилго нь мэдээж ард түмэнд байгалийн баялгийг тэгш хүртээх. Нөгөөтэйгүүр эдийн засгийн ач холбогдол өндөр гэдгийг хууль санаачлагчид хэлж байна. Таны хувьд уг хуулийн агуулга, зорилго, ач холбогдлыг нь ямар байдлаар харж байна вэ. Хууль батлагдсанаараа эдийн засгийн ямар зохицуулалт шинээр бий болох вэ?

-Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн амин сүнс нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бодитоор хэрэгжүүлэх юм. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээх” гэж баялгийн өгөөжийг хуваарилах суурь зарчмыг баталгаажуулсан байдаг. Бусад улс орны баялгийн сангийн тогтолцоо, зохицуулалтыг судалж үзэхэд улс орнууд баялгийн сангаа удирдах өөрт тохирсон стратегийг тодорхойлж, тухайн орныхоо давтагдашгүй онцлогийг тусгах байдлаар баялгийн сангийн практикийг хэрэгжүүлж байна. Иймээс манай улсын хувьд Хөгжлийн сан, Ирээдүйн өв сан, Хуримтлалын сангаас бүрдэх Үндэсний баялгийн сангийн эрх зүйн зохицуулалтыг бий болгож, уг сангуудаар дамжуулан газрын хэвлийн баялгийг өнөө ба ирээдүйн иргэд тэгш хүртэх болон хөгжлийн бодлогыг зэрэгцсэн байдлаар тодорхойлон хэрэгжүүлэх нь оновчтой гэж үзсэн.

-Мэдээж шинэ байгуулагдах сангууд тус тусын зорилготой байгаа. Яг ямар зорилготой вэ?

-Эдгээр гурван сан нь тус тусын зорилго, зориулалттай. Миний хувьд Хуримтлалын санг онцолмоор байна. Хуримтлалын санд уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын хуулийн этгээдийн 34 хувийн төрийн эзэмшилд ногдох бүх ногдол ашгийг төвлөрүүлж, иргэн бүрд хуримтлал үүсгэнэ. Иргэд уг хуримтлалаа эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг суурь хэрэгцээгээ хангахдаа зарцуулна. Хууль батлагдсанаар баялгийн орлогын хуримтлалын эх үүсвэрээр улс орны хөгжилд эерэг нөлөө үзүүлэх томоохон төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийх, хөрөнгийн зах зээлээс өгөөж хүртэх боломж бүрдэх төдийгүй өмнө хэлсэнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бодитоор хэрэгжүүлж чадна гэж үзэж байна.

-Яг одоогийн байдлаар Монгол Улсад орж ирж байгаа гадаадын хөрөнгө оруулалт ямар хэмжээнд байгаа вэ. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид үргэсэн зүйл байгаа юу. Ер нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлого олон улсын түвшинд ямар байдлаар үнэлэгддэг бол?

-Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал 2023 онд Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт дууссантай холбоотой өмнөх оноос 9.8 хувиар буурч 3,084.1 сая ам долларт хүрсэн. Үүний 79 хувь нь зөвхөн уул уурхай, есэн хувь нь бөөний, жижиглэн худалдааны салбарт орж ирсэн нь гадаадын хөрөнгө оруулалтын төрөлжилт муу, бусад салбаруудад хөрөнгө оруулалт татаж чадахгүй байгааг харуулж байна. Улс орнуудыг эрэмбэлсэн хөрөнгө оруулах чөлөөт байдлын үзүүлэлтээр манай улс 128-р байранд байдаг. Товчхондоо, гадаад талдаа хууль эрхзүйн орчин тогтворгүй улс гэж дүгнэгдэж байгаа. Хөрөнгө оруулалтын хуулийн нэмэлт өөрчлөлт нь  хөрөнгө оруулалтыг  хамгаалдаг механизмыг илүү  бүрдүүлнэ гэж тооцоолж байгаа. Засгийн газраас Аж үйлдвэрийн сэргэлтээр дамжуулан дараагийн томоохон бүтээн байгуулалтуудын төслүүдийг эрчимжүүлэх, нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэвшилтэт техник, технологи, инновацад тулгуурлан хөгжүүлэх арга хэмжээнүүдийг хөгжлийн бодлогод тусгаж хэрэгжүүлж эхлээд байгаа нь гадаадын хөрөнгө оруулалтын суурийг үргэлжлүүлэн тэлнэ.

Э.МӨНХТҮВШИН

Эх сурвалж: Өдрийн сонин

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу