Ерөнхий сайд Г.Занданшатар 2024 оны УИХ-ын сонгуульд хангайн бүсэд нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй. Улмаар сонгуулийн дараахан тэрбээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болсон. Харин өнгөрсөн хаврын чуулганы төгсгөл дээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар унаж, Г.Занданшатар Ерөнхий сайд болсон. Энэ Засгийн газар байгуулагдаад 100 гаруйхан хонож байгаа ч Ерөнхий сайд нь “Монгол Улсыг аугаа, Чингисийн үе шиг болгоно” гэснээс өөр зүйл бараг л хийсэнгүй. Ямар сайндаа өргөн барьсан ирэх оны төсөв нь 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай байгаа нь энэ засгийн чадамжийг харуулж байна гэх гишүүд ч бий.
Тэгвэл Ерөнхий сайд маань өнгөрсөн долоо хоногт намынхаа даргад нэр дэвшсэн ч Бага хурлынхаа гишүүдийн дэмжлэгийг авч чадсангүй. Харин Бага хурал болохоос өмнө хоёр нэр дэвшигч биенээ асар ихээр харлуулж, бүр хүн амины гэмт хэрэгтэн хэмээн буруутгаад амжсан. Тиймээс одоо Ерөнхий сайдын суудал ганхаж эхэлсэн. Д.Амарбаясгалан түүнийг нэг мөр дарж авахын тулд Ерөнхий сайдаас нь унагах нь бараг л цаг хугацааны асуудал. Гэхдээ Г.Занданшатарын хувьд бүх зүйл баларчихсан юм бас биш. Учир нь эхлээд тэр намынхаа даргатай зөвшилцөл, ойлголцолд хүрэхийг оролдох байх. Өөрөө Ерөнхий сайд хэвээрээ үлдэж, зарим сайд нарыг намын даргаа шийд гэсэн эрх мэдлийг өгч мэднэ. Хэрэв энэ саналыг нөгөө тал нь хүлээн зөвшөөрвөл тэрээр Ерөнхий сайдын суудалтайгаа ямар ч байсан энэ оныг дуусгах боломжтой болно. Харин үгүй гээд түүнийг суудлаас нь буулгавал юу болох вэ. Хамгийн эхэнд түүний намын дарга болоод найз нөхдөөсөө гуйх боломжтой албан тушаал бол хаа нэг улсын Элчин сайд байх магадлалтай. Ер нь гадаад харилцаа, дипломатаар мэргэшсэн хүн учраас энэ зэргийн ажлыг өлхөн дөнгөнө. Гэвч нэгэнт уруудсан түүний улс төр Элчин сайд дээрээс буцаж өндийнө гэдэг юу л бол. Тэгэхээр түүний улс төрийн карерь энэ хүрээд өндөрлөж мэдэхээр байна.






















