Улсын Их хурлын гишүүн Г.Уянгахишигтэй ярилцлаа.
-Засгийн газраас Татварын багц хуулийг өргөн барьсан. Энэ хуулиар ямар гол асуудлыг шийдэхээр тусгасан байна гэж харж байгаа вэ?
-Татварын багц хууль буюу Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Хувь хүний орлогын албан татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль гэсэн хуулиудын төслийг Засгийн газраас оруулж ирсэн. Мэдээж нэлээд олон өөрчлөлтүүдийг санал болгосон байсан. Тэднээс онцгойлон хэлэх юм бол нэгдүгээрт, Татварын ерөнхий хууль дээр одоо татварын өртэй аж ахуйн нэгжийн дансыг хаадаг байдлыг болиулахаар тусгасан байсан. Ингэхдээ үл маргах журмаар гаргуулах татварын хэмжээ орлогынх нь 80 хувиас хэтрэхгүй байна гэж оруулж ирсэн.
Гэвч яг татвар төлөгчдөө хүрсэн шийдэл болж чадахгүй болов уу гэж харж байгаа. Учир нь дээд хэмжээ нь 80 гэж байгаа ч тэр дотор хэдэн ч хувиар тохирч болно. Мөн харгалзан үзэх нөхцөл байдлыг нь тодорхойлж өгөхгүй болохоор магадгүй бүгдийг л 80 хувь хүртэл блоклоод байна гэсэн үг. Тэгэхээр санаагаар болдог бол тухайн татвар төлөгчийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэхэд зайлшгүй шаардлагатай зардлуудыг гаргах боломжийг олгох хэрэгтэй. Хувь хүний орлогын албан татварын хууль дээр хөнгөлөлтийн асуудлыг хөндөж гаргаж ирсэн байгаа юм.
Одоо бол шаталсан хэлбэрээр хөнгөлөлт байдаг. Харин 23.1 дээр албан татвар төлөгчийн тухайн жилийн нийт есөн сая 504 мянга хүртэлх төгрөгийн орлогод ногдох татварыг 100 хувь хөнгөлнө гэсэн байна. Ингэхээр сая төгрөг, 10 сая төгрөгийн цалинтай байсан ч адилхан болчихож байгаа юм. Энэ өөрчлөлтийн төсөвт үзүүлэх нөлөөлөл нь 840 тэрбум төгрөг болж байгаа. Уг нь ингэж хавтгайд нь хөнгөлөлт эдлүүлж байснаас дундаас доош орлоготой, 1.5-2 сая хүртэлх цалинтай хүмүүст чиглэх юм бол илүү байгаа онох байх гэж бодож байна. Мөн үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулсны хоёр хувьтай холбоотой нэг заалт орж ирж байгаа.
-ХХОАТ-ыг нэг хувь болгох хуулийн төсөл бас яригдаж, иргэдийн дэмжлэгийг аваад байгаа. Гэвч байнгын хороон дээр өнөөдөр/өчигдөр/ уначихсан. Ингэх нь хэр зөв зүйтэй вэ?
-Би өөрөө санхүүгийн талын хүн. Тийм болохоор яг одоо манай улсын төсвийн байгаа нөхцөл байдал, төсөв бүрдүүлэлтийн эх үүсвэр гэдэг талаас авч үзвэл төсөвт маш том цохилт болно. Үүнийг манай төсөв даахгүй гэж харж байгаа. Ер нь хүн бүр л төлж байгаа татвараа багасгах, татвар төлмөөргүй л байгаа. Ингэж буулгавал наад зах нь 2.8 их наядын нөлөөлөл үзүүлнэ гэж байгаа юм. Нөгөө талдаа бид багш, эмч нарынхаа цалинг нэмье гээд байгаа. Ингэж буулгавал түүнийг нөхөхийн тулд төсвийн орлогоо нэмэгдүүлэх шаардлага үүснэ. Энэ зүйлээ эхлээд хийж байж бид аажмаар татварын хувь хэмжээгээ буулгах хэрэгтэй. Түрүүн хэлсэн шиг 1.5-2 сая төгрөгийн цалингийн орлоготой хүмүүс дээр үүнийг ядаж таван хувь, бүр болж байвал нэг хувь болгож хөнгөлөлтийг үзүүлнэ гэж оруулж ирвэл энэ чинь шал өөр асуудал болно.
-НӨАТ-ын хуульд оруулсан шаталсан хэлбэрээр буцаалт олгох асуудлыг хүчингүй болгохоор оруулж ирсэн байсан. Үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Өнөөдөр/өчигдөр/ энэ асуудал ер нь шийдэгдээд явчихлаа. Үүн дээр би эсрэг байр суурьтай байгаа. Яагаад гэхээр Засгийн газар тодорхой бодлоготой байх ёстой. НӨАТ-ын тухай хуульд 2025 оны арваннэгдүгээр сард нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Засгийн газар тэр үед чадна л гэж байсан. Тэгээд энэ хуулиа баталсан. Тухайн үед нь би яг дэмжиж байсан хүн биш. Төсөв чинь үүнийгээ даах юм уу. Систем чинь бүртгэлээ хийж чадах уу гээд маш олон асуулт асуусан. Тэгэхэд чадна гээд л хуулиа батлаад явсан. Хууль гэдэг батлагдсан бол хэрэгждэг байх ёстой. Хэрэгжихгүй хуулийг оруулж ирж батлуулах шаардлага байхгүй. Хэрэгжиж эхлэхээс нь өмнө хүчингүй болгож байгаа ийм хууль батлаад, түүгээрээ улс төрийн оноо аваад явдаг байж болохгүй.
-Нийгмийн даатгалын шимтгэл дээр ажил олгогчоос төлдөг хувийг байхгүй болгох асуудлыг аж ахуйн нэгжүүд хөндөж байгаа. Энэ ер нь боломжтой юу?
-Үүн дээр Б.Түвшин, Ч.Лодойсамбуу, би гээд 40-өөд гишүүний санаачилсан хуулийн төсөл явж байгаа. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах энэ нэмэлт, өөрчлөлтөөр ажил олгогчийн төлдөг хэсгийг 100 хувь хөнгөлөх тухай оруулаагүй. Одоо цалин авч байгаа ажилтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн гэдгээр тааз тавьдаг. Өөрөөр хэлбэл, 7.2 сая төгрөгний цалингаас нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг гэсэн үг. Гэтэл ажил олгогчид ийм хязгаарлалт байдаггүй. Тиймээс адилхан хязгаартай болгоё гэдэг хуулийн төсөл байгаа юм. Мөн хөдөлмөрийн гэрээ биш, хөлсөөр ажиллах гэрээ болон ажил гүйцэтгэх гэрээгээр авч байгаа ажлын хөлсөн дээрээс ажилтан болон ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байя гэдэг зохицуулалт оруулж ирж байгаа. Тэгэхгүй болохоор зуныхаа амралт, зав чөлөөгөөрөө ажил хийж байгаа залуучуудын цалингаас ХХОАТ, нийгмийн даатгалын шимтгэл суутгачихаад байгаа юм. Энэ байж болохгүй, зөвхөн хөдөлмөрийн гэрээтэй ажилтнуудаас албан журмаар нийгмийн даатгалын шимтгэлээ авдаг байгаач ээ. Бусад нь сайн дурын даатгалд хамрагдах боломжийг нь нээж өгөөч гэдэг байдлыг л хэлээд байгаа юм. Хувь хүний зүгээс хэлэхэд, өөрөө алдагдалд орчихсон байгаа Нийгмийн даатгалын сан чинь ажил олгогчийн төлдөг энэ татварыг байхгүй болгочихоор бүр баларна. Одоо тэтгэвэр авч байгаа хүмүүстээ тэтгэврийг нь олгох эх үүсвэргүй болно гэсэн үг. Тийм болохоор энэ тооцооллыг маш нарийн хийх ёстой. Ер нь бид цаашдаа нийгмийн даатгалын шинэчлэлээ хийх ёстой юм. Хувийн тэтгэврийн сан, Тэтгэврийн сан гэдэг ойлголтоо оруулж ирж, хуримтлал бий болгож, нийгмийн даатгал гэдгийг суурь даатгалын хэмжээнд аваачих хэрэгтэй. Ингэж байж л үүнийг засахгүй бол яг одоо ажил олгогчийн төлдөг хэсгийг төлүүлэхгүй гэдэг бол хэрэгжих ямар ч боломжгүй зохицуулалт болно.
Т.ХӨВСГӨЛ























